MN

Өндрийн сүлжээ

Монгол улсын өндрийн тулгуур сүлжээ

Өндрийн II ангийн тулгуур сүлжээ

    Монгол Улсын өндрийн тулгуур сүлжээ нь нутаг дэвсгэрийн хэмжээнд өндрийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлддэг бөгөөд батлан хамгаалах, дэд бүтэц, шинжлэх ухааны салбарт хэрэглэгддэг бүх төрлийн масштабын байр зүйн зураглалын ажлын өндрийн үндэслэл болдог. Монгол Улсын өндрийн тулгуур сүлжээг өндрийн I, II ангиар, бүх төрлийн масштабын байр зүйн болон дэвсгэр зураглал, инженер геодезийн ажлын өндрийн үндэслэлийг өндрийн III, IV ангийн сүлжээгээр байгуулдаг.

     Монгол улсын өндрийн сүлжээг 1936 оноос анх байгуулж эхэлсэн бөгөөд энэ сүлжээг ЗХУ-ын /хуучин нэрээр/ Зэвсэгт хүчний Жанжин штабаас эрхлэн манай улсын нутаг дэвсгэрийг 1:100 000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулах ажлын өндрийн үндэслэлд зориулан өндрийн II ангийн сүлжээг 13 полигон, 46 шугамтайгаар байгуулсан байдаг. Сүлжээний полигоны дундаж периметр 1200 км, репер хоорондын зай 7-10 км, суурь репер хоорондын зай 70-150 км, хөрсний реперийг дунджаар 1.3-2.0 метрийн гүнд суулгасан байна. 1936-1954 онуудад байгуулсан Монгол Улсын өндрийн II ангийн сүлжээг зураг 1-д харуулав.

Зураг 1. 1936-1954 онуудад байгуулсан Монгол Улсын өндрийн II ангийн сүлжээний бүдүүвч

    1936-1954 онд байгуулсан сүлжээг ЗХУ (хуучин нэрээр)-ын өндрийн сүлжээтэй Ирвэстэйн гол, Тэс, Ханх, Алтанбулаг, Дадал, Эрээнцав орчимоор 6 газраар холбосон бөгөөд Монгол Улсын өндрийн сүлжээ нь Балтийн тэнгисийн өндрийн системд, ортометрийн өндрийн тогтолцоонд тодорхойлогдсон байна. Энэ сүлжээний тэгшитгэн бодолтоос гарсан 1 км нивелирдлэгийн дундаж квадрат алдаа ±4 мм юм.

Өндрийн II ангийн сүлжээний шинэчлэн байгуулалт

    1936-1954 онд байгуулсан өндрийн II ангийн сүлжээг БНМАУ-ын /хуучин нэрээр/ Сайд нарын зөвлөлийн /хуучин нэрээр/ 1973 оны 346 дугаар тогтоолоор УГЗЗГ /хуучин нэрээр/ Сайд 1974 оноос  давтан хэмжиж, шинэчлэн байгуулах ажлыг эхлүүлсэн Хуучин байгуулсан өндрийн II ангийн сүлжээг өтгөрүүлэх том полигоныг багасгах, шинээр шугам нэмж, давтан хэмжилтийг хийсэн бөгөөд шинэчлэн байгуулсан сүлжээний полигоны тоо 17, шугамын тоо 51, дундаж периметр 1000км болж өөрчлөгдсөн. Нийт 3039 цэгийг хамарсан 14030.5 км хээрийн хэмжилтийг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд:

  • Хөрсний репер-2048
  • Хадны марк-568
  • Суурь репер-259
  • Хананы репер-19
  • Триангуляцын цэг-96
  • Гравиметрийн цэг-26
  • Түр репер-19 реперийг хамруулан хэмжсэн байна.

    Мөн суурь репер хоорондын зай дунджаар 56 км, хамгийн их нь 74 км, репер хоорондын зай дунджаар 5 орчим км, хамгийн их нь 7 орчим км болж өөрчлөгдсөн. Тэгшитгэн бодолтыг 1996 онд гүйцэтгэсэн. Энэ сүлжээний хэмжилт эцсийн дүндээ төлөвлөсөн нарийвчлалыг бүхэлд нь хангаж чадаагүй боловч 41 шугам II ангийн, 8 шугам III ангийн, 2 шугам IY ангийн нарийвчлалыг тус тус хангасан сүлжээ болсон байна. Шинэчлэн байгуулсан өндрийн тулгуур сүлжээг Зураг 2-д харуулав.

Зураг 2. 1974-1996 онд шинэчлэн байгуулсан өндрийн тулгуур сүлжээний бүдүүвч

    Мөн 2011 оноос өндрийн II ангийн сүлжээг давтан хэмжиж эхэлсэн бөгөөд Өндөрхаан-Чойбалсан, Чойбалсан-Олон худаг, Олон худаг-Тамсаг булаг, Олон худаг-Хангай нуур, Тамсаг булаг-Сангийн далай, Сангийн далай-Хангай нуур, Хангай нуур-Хавцгайт худаг, Хавцгайт худаг-Өндөрхаан хүртэлх нийт шууд, урвуу чиглэлд 3200 км урттай 9 шугам, 3 полигоныг давтан хэмжсэн.

Зураг 3. 2011-2013 онд өндрийн II ангийн сүлжээг давтан хэмжсэн сүлжээний бүдүүвч

Өндрийн I ангийн тулгуур сүлжээ

    Монгол Улсын хөрөнгө оруулалтын төсвийн хөрнгөөр БХБЯ болон ГЗБГЗЗГ 2014 оноос өндрийн Iангий сүлжээ байгуулах ажлыг эхлүүлсэн. Өндрийн I ангийн сүлжээ байгуулах ажлын гүйцэтгэгчээр “Геосет” ХХК шалгарч, 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 73 тоот гэрээг БХБЯ-тай байгуулсан. Өндрийн I ангийн сүлжээг Архангай, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дундговь аймгуудын нутаг дэвсгэрийг хамарсан 2870 км урттай 5 шугам, 1 полигон, 335 цэгтэйгээр байгуулсан. Өндрийн I ангийн сүлжээний хэмжилтийг хийхийн өмнө хуучин 2-р ангийн сүлжээний реперүүдэд судалгаа хийж, шинээр 82 репер, 28 хяналтын репер суулгасан байна. Мөн өндрийн I ангийн сүлжээний бүх цэгүүдэд GNSS-ийн болон гравиметрийн сүлжээний хэмжилтийг хийж, сүлжээг тэгшитгэн бодож, сүлжээний цэгийн каталогийг батлуулсан.

Зураг 4. 2014-2018 онд байгуулсан Монгол улсын өндрийн I ангийн сүлжээ

Дээш буцах