MN

Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага

    Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага нь 1945 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дэлхийн II дайны хөлд нэрвэгдэж туйлдаж ядарсан хүн төрөлхтнийг өлсгөлөн гуйланчлалаас гаргахад олон улсын хамтын нөхөрлөлийн хүчийг нэгтгэх зорилгоор байгуулагдсан юм.

    НҮБ-ын ХХААБ-ын үйл ажиллагаа нь манай гарагийн хүн бүр цаг ямагт эрүүл чийрэг оршин амьдрахад шаардлагатай хоол, хүнсний хэрэглээ, шим тэжээлийн нөхцөлийг сайжруулах, хөдөө аж ахуйн бүтээмжийг бүх түвшинд нэмэгдүүлэх, хөдөөгийн хүн амын амьжиргааг сайжруулах замаар дэлхийн эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулахад чиглэгддэг.

    Түүнчлэн, улс орнууд өөрийн орны хөдөө аж ахуйн бодлогыг тодорхойлох, хүнс үйлдвэрлэлийн салбарт байгаль орчинд ээлтэй, зохистой технологийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ өлсгөлөнгийн нөхцөлд амьдарч буй улс орны хүн амыг шим тэжээлт хоол хүнсээр хангахад засгийн газруудтай хамтран ажилладаг.

    Дэлхийн Байгаль Хамгааллын Сангийн монгол дахь хөтөлбөрийн газар болон НҮБ-ын Хүнс Хөдөө Аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлэх гэж байгаа төслийн багийг Захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Р.Ганхуяг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч уулзсан. Уулзалтын үеэр төслийн багийнхан хэрэгжүүлэх гэж буй төслийнхөө зорилго, чиглэл, хамрах хүрээ болон хүрэх үр дүнгийнхээ талаар танилцуулж, хэрхэн цаашид хамтран ажиллаж, мэдээлэл, өгөгдлийн талаар ойлголт авч болох талаар тодрууллаа.

    Захиргаа, Удирдлага, Хамтын ажиллагааны газрын дарга Р.Ганхуяг өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлууд болон одоо хэрэгжиж байгаа газар зохион байгуулалтын төлөвлөгөө, газрын ашиглалт, өөрчлөлтийн чиглэлийн судалгааны бүтэц, агуулгыг танилцуулж, энэхүү төслийн зорилт, агуулгатай нийцэх боломжтой гэдгийг дурдсан. Уулзалтын үр дүнд төслийн баг болон холбогдох хэлтсийн мэргэжилтнүүдийг хамруулсан дараагийн уулзалтыг зохион байгуулж, илүү нарийвчилсан мэдээлэл солилцож, хамтран ажиллахаар болсон.

Дээш буцах