MN

Геодези, зураг зүйн үйл ажиллагааны талаархи товч танилцуулга

    Геодези, зураг зүйн салбар нь улс орныг батлан хамгаалах, хөдөө аж ахуй, геологи, уул уурхай, соёл шинжлэх ухаан болон дэд бүтцийн хөгжил, байгаль орчныг хамгаалах зэрэг эдийн засгийн бүхий л салбарыг төрөл бүрийн масштабын байр зүйн болон сэдэвчилсэн зургаар зурагжуулах үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. 

    2003 оны 1-дүгээр сараас Ерөнхий сайдын харъяанд зохион байгуулагдсан “Газрын харилцаа, геодези зураг зүйн газар”-ын Геодези, зураг зүйн хэлтэс болон ажиллаж, “Геодези, зураг зүйн тухай” болон “Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай”, ”Газрын тухай” зэрэг хуулийн хүрээнд улс орныг зурагжуулах бодлого боловсруулан, хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн явуулж байна. 

     Өнгөрсөн хугацаанд Монгол орныг зурагжуулах бодлогын хүрээнд 1:100 000 - 1: 1000 000-ны масштабын байр зүйн зургаар Монгол орны бүх нутаг дэвсгэрийг бүрэн зурагжуулсан ба 1:50 000 - ны масштабын байр зүйн зургаар нутаг дэвсгэрийн 38.7 хувийг,1:25 000-ны масштабын байр зүйн зургаар 28.3 хувийг зурагжуулж, 27.8 мянга гаруй геодезийн байнгын цэг тэмдэгт, астрономи геодези, гравиметр, GPS-ийн сүлжээний 175 үндсэн цэгийг байгуулж, хот суурин газрууд болон газар тариалангийн гол бүс нутгийн районд 1:5000 –1:10 000 масштабын зураглалын ажлуудыг гүйцэтгэсэн юм. 

    Манай орны хувьд Геодези, зураг зүйн мэдээллийг ашигладаггүй салбар гэж бараг үгүй бөгөөд геодези, зураг зүйн мэдээллийг ашиглаж буй хэрэглэгчдийн 70 орчим хувь нь дэд бүтцийн салбарт, 30 орчим хувь нь батлан хамгаалах болон эдийн засгийн бусад салбарт оногдож байна. 

    Сургалт, танин мэдэхүй, аялал жуулчлал, нийтийн хэрэгцээнд зориулан 100 гаруй нэр төрлийн зураг, атлас зохион хэвлэсэн бөгөөд “Монгол Улсын Үндэсний атлас”-ыг ШУА-ийн эрдэмтэдтэй хамтран зохион хэвлүүлсэн нь тус салбарын томоохон бүтээлд зүй ёсоор багтдаг.

    Монгол орны газар нутгийн нэрийг тодруулан тогтоох ажлын хүрээнд 1980-1987 онуудад 1:100 000 – ны масштабын зургийн хэмжээнд Монгол орны 242 мянга гаруй газар зүйн нэрийг тодруулан тогтоож Улсын Их хурлаар батлуулсан. 

    Монгол улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болох Монгол-Хятад, Монгол -Оросын хилийн шугамыг тодотгон тогтоон, зураглах ажлыг гүйцэтгэж ирсэн бөгөөд Монгол - Хятадын улсын хилийн шугамыг шинэчлэн шалгах, зураглах ажил амжилттай явагдаж байна.

    “Архивийн тухай” Монгол Улсын хуулийн дагуу Геодези, зураг зүйн төв фонд ажиллаж, байгууллага, аж ахуйн нэгж иргэдээс улсын болон орон нутгийн төсөв, төслийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геодези, зураг зүйн бүх төрлийн ажлын тайлан, каталог, эх зураг, тоон мэдээлэл зэрэг ихээхэн хэмжээний зураг, материал хадгалагдаж байгаа бөгөөд тус фондод төрийн нууцын ангилалд багтах мэдээлэл үлэмж хэмжээгээр хадгалагддаг учир “Геодези, зураг зүйн тухай” хуулийн дагуу төрийн хамгаалалтанд байдаг юм.

    Тус салбарын гадаад харилцаа нь улсын геодезийн сүлжээг шинэчлэн байгуулах, байр зүйн зураглалын тоон технологи нэвтрүүлэн газар зүйн мэдээллийн санг бүрдүүлэх, газрын менежментийг оновчтой хөгжүүлэх зэрэг сэдвээр үндэсний мэргэжилтэнг давтан сургах чиглэлээр гадаад орнуудын геодези, зураг зүйн үндэсний албад болон Ази,Номхон далайн бүс нутгийн геодезийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, эрчимтэй хөгжиж байгаа болно.

    Мэдээллийн технологи эрчимтэй хөгжиж, мэдээллийн зах зээл манай оронд нэгэнт бүрэлдсэн энэ үед геодези, зураг зүйн мэдээлийн сан бүрдүүлэх, мэдээллийг байнга шинэчлэн баяжуулах, хэрэглэгчдэд хөнгөн шуурхай хүргэх талаар тус хэлтэс нь анхааран ажиллаж, үйл ажиллагаандаа дараах үндсэн чиг үүргийг мөрдлөг болгон ажиллаж байна.

 Үүнд:

  • Монгол орны нутаг дэвсгэрийг зурагжуулах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх
  • Монгол орны үндэсний геодезийн сүлжээг байгуулах, нутаг дэвсгэрийг солбицол, өндрийн нэгдмэл тогтолцоонд зураглах, дэлхийн болон бүс нутгийн сүлжээнд холбох 
  • Агаарын болон сансрын зургийн мэдээллийг боловсруулан Монгол орныг дунд масштабын зургаар зурагжуулах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх 
  • Геодези, зураг зүйн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэн нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны эрэлт хэрэгцээг орон зайн өгөгдлийн мэдээллээр хангах
  • Газрын кадастрын зураглалын мэдээллийн сан бүрдүүлэх
  • Улс орныг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах улсын хилийг тогтоох, зураглах, мэдээллийн сан бүрдүүлэх 
  • Сургалтын болон нийтийн хэрэгцээний, сэдэвчилсэн зураг, атласаар хангах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх
  • Монгол орны газар зүйн нэрийг тодотгон тогтоох, газрын зурагт тэмдэглэх, газар зүйн нэрийн толь бичиг гаргах, нийтэд мөрдүүлэх, галиглах 
  • Геодези, зураг зүйн ажил, үйлчилгээний стандарт, дүрэм, зааврыг боловсруулж мөрдүүлэх 
  • Геодези, зураг зүйн ажил, үйлчилгээнд төрийн хяналт тавих;
  • Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд геодези, зураг зүйн ажил, үйлчилгээ эрхлэх эрх олгох
  • Геодезийн хэмжлийн багаж хэрэгслийг шалгаж баталгаажуулан, улсын хэмжээнд геодезийн хэмжлийн нэгдмэл байдлыг хангах;
  • Нууцын зэрэглэлтэй газрын зураг, мэдээллийн хадгалалт, хамгаалалт, ашиглалт, бүрэн бүтэн байдлыг холбогдох эрх бүхий төрийн байгууллагатай хамтран шалгах, хангуулах
  • Олон улсын гэрээ, хэлэлцээрээр геодези, зураг зүйн асуудлаар хүлээсэн Монгол Улсын үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах 

Return to top