MN

Газрын дуудлага худалдаа

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас хамтран газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр түргэн, шуурхай, ил тодоор зохион байгуулах, газрын барьцаа, түрээсийн бүртгэл хийх, газрын зах зээлийн үнийн мэдээ цуглуулж нэгдсэн мэдээллийн сан бий болгох, бүтээгдэхүүн, үйлчилгээ, мэдээллээр иргэд, олон нийтэд үйлчлэх, зорилгоор Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ийг хэрэглээнд нэвтрүүлсэн.

Зураг 1. Газрын биржийн цахим систем

Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр дараах үйл ажиллагааг эрхэлнэ. Үүнд:

  • Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа;
  • Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн төсөл сонгон шалгаруулалт;
  • Монгол улсын иргэн газар өмчлөх эрхээ болон иргэн, хуулийн этгээд газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэхтэй холбогдсон арилжаа;
  • Монгол улсын иргэн газар өмчлөх эрхээ болон иргэн, хуулийн этгээд газар эзэмших эрхээ бусдад ашиглуулахтай холбогдсон арилжаа;
  • Газрын худалдаа, түрээсийн зар мэдээлэл, зуучлалын үйл ажиллагаа;
  • Газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээллийн санг эрхлэх, олон нийтэд мэдээлэх;

    Уг системийг 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба, 330 сумын Газрын даамлууд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа бөгөөд тус систем нь Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтэц, Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн систем, Газрын үнэлгээ, төлбөр татварын систем, Газар зохион байгуулалтын төлөвлөлтийн систем болон холбогдох бусад байгууллагын мэдээллийн сантай холбогдож газартай холбоотой мэдээ, мэдээллээр үйлчилгээ үзүүлэх боломжтой.

    Тус системийг дэлхий дахинд тренд болж буй технологиудын хамгийн сүүлийн хувилбаруудыг ашиглан хөгжүүлсэн бөгөөд иргэн, хуулийн этгээд ашиглахад хялбар, энгийн ойлгомжтой, интернетэд холбогдсон компьютер, гар утас, таблет зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан www.mle.mn цахим хаягаар болон гар утасны аппликейшнаар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтад байршил харгалзахгүй оролцож олон шат дамжлагагүй, түргэн шуурхай үйлчилгээ авах боломжтой юм. Иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, Монгол Улсын иргэн өмчилсөн газраа бусдад худалдах, худалдан авах үйл ажиллагаанд зуучлах үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн. Мөн иргэн, хуулийн этгээд тус системд нэвтэрч Газрын кадастрын мэдээллийн сангаас өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа газраа сонгон бусдад худалдах, түрээслэх зар мэдээллээ үнэ, төлбөргүйгээр байршуулж бусдад арилжаалах боломжийг бүрдүүлээд байна. Газар худалдан авах, хөрөнгө оруулалт хийх гэж буй иргэн, хуулийн этгээд тус системээс Газрын кадастр, Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Газрын төлөв байдал, Инженер-геологи, Гео-экологийн талаарх газартай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээллийг баталгаатай эх үүсвэрээс авч газарт хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүллээ.

    Газрын биржийн цахим системд “хэрэглэгч”-ээр бүртгүүлж www.mle.mn цахим хаягаар болон гар утасны аппликейшнаар аймаг, нийслэлийн газрын албанаас зарласан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаанд оролцох боломжтой юм. Мөн иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, Монгол Улсын иргэн өмчилсөн газраа бусдад худалдах, худалдан авах үйл ажиллагаанд зуучлах, дуудлага худалдаагаар бусдад шилжүүлэх үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл иргэн, хуулийн этгээд өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа газраа дуудлага худалдаагаар худалдах хүсэлтийг харъяа аймаг, нийслэлийн газрын албанд хүсэлт гаргаж дуудлага худалдааг зохион байгуулан бусдад шилжүүлэх боломжтой юм.

Дээш буцах