MN

Газар зүйн нэр

    Газар зүйн нэр нь тухайн улс, үндэстний үгсийн сангийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд соёлын (биет бус) өвийн онцгой нэгэн төрөл зүйл учир түүнийг хадгалан хамгаалах, үнэн зөв бичиж, ном товхимол, хэвлэл мэдээлэл, газрын зураг зэрэгт батлагдсан үнэн зөв нэрийг хэрэглэх, гадаад хэлэнд галиглах, бусад улс үндэстнүүдтэй газар зүйн нэрийг солилцох зэрэг асуудал нь төр, засгийн анхаарлын төвд байх чухал асуудлуудын нэг юм.

    Үүгээр ч зогсохгүй газар зүйн нэр нь тухайн улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, угсаатан зүйн түүх, соёл, эдийн засаг, хүн амын суурьшил зэрэгтэй салшгүй холбоотой байдаг байна. Тухайлбал Монголын нууц товчоо хэмээх их хөлгөн сударт 220 гаруй газар зүйн нэр гардаг бөгөөд 120 гаруй нэр одоогийн Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаагаас 70 гаруй нэрийг илрүүлээд байна. Жишээ нь Бурхан халдун, Бүрэг эрэг гэх мэт. Түүхэн ном зохиолд гарч байгаа газар зүйн нэр нь ихэвчлэн бэлчээрийн даац сайтай, ус ургамал, ашигт малтмал ихтэй, ган зуд бага болдог газрууд байдаг нь судалгаагаар тогтоогдсон байна. Иймээс түүхэн нэрийг судлах нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой юм.

    Газар зүйн нэр нь газрын зургийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Тухайлбал: 1934 онд А.В.Казакевич “Монголын газар зүйн нэр” бүтээл туурвисан байдаг. Мөн 1925 онд ЗХУ-ын /хуучнаар/ Шинжлэх ухааны академийн дэргэд Монгол газар зүйн нэрийн комисс байгуулагдаж, газар зүйн нэрийн уйгаржин-монгол бичгийг тайлах аргачлалыг боловсруулж байжээ. Үүний дүнд “Орчин цагийн Монголын газар зүйн нэр” бүтээл хэвлэгдсэн нь Монгол газар зүйн нэрийг судлахад ихээхэн чухал баримт бичиг болж үлдсэн.

   Манай орон зах зээлийн харилцаанд шилжин, хүн амын суурьшилд ихээхэн өөрчлөлт гарснаар олон зуун жилийн түүхтэй уламжлалт газар зүйн нэр мартагдах болсон төдийгүй дур мэдэн шинээр нэр өгөх, өөрчлөх, хэвлэл мэдээлэл, ном товхимол, газрын зурагт янз бүрээр бичиж нийтлэх болж, газар зүйн нэрийг хамгаалах, журамлах асуудлууд орхигдох зэрэг олон сөрөг үр дагаврууд гарах боллоо. Жишээлбэл:

  • Монгол улсад шарын шашин дэлгэрсэнтэй холбоотойгоор газар зүйн нэр өөрчлөх явдал маш их байсан /Богд хаан уулыг Дүнжингарав уул, Гурван цаст уулыг Цамбагарав гэх мэт/;
  • Баруун аймгийн иргэд батлагдсан газар зүйн нэрийг өөрсдийн хэл рүү орчуулан нэрлэх /Баян-Өлгий аймаг/;
  • Нутаг дэвсгэрийг үр тариа тариалдаг талбайн хэмжээгээр 1000-ын пооль, 60-ын хоолой, 70-ын хөндий гэх мэтээр нэрлэх /Дорнод аймгийн Халхгол сум, Сэлэнгэ аймаг/;
  • Газар зүйн нэрийг өөрчлөн нэрлэх /Орхон аймгийн төвөөс баруун тийш явах автозам дагуу байх Залуугийн булаг гэсэн булгийг Орос цэргүүд байнга ирж ус авдаг байсан болохоор “Оросын булаг” гэж нэрлэсэн байна/;
  • Газар зүйн нэрийг өөр өөр бичих, галиглах /Булган аймгийн нутагт байх Цачиртын гол гэдэг уулын жижиг голыг Цочиртын гол, Сачиртын гол, Чочиртын гол гэх мэтээр нэрлэж бичсэн байна/
  • Сүүлийн үед гар утасны сүлжээ барьдаг эсэхээр нь /Моби толгой, Скай толгой зэргээр/ нэрлэх болсон;
  • Газрын тос олборлож байгаагаар 19-ийн талбай, 21-ийн талбай гэх мэт;

    Монгол Улс анх 1949 онд Сайд нарын Зөвлөлийн ”Газар нутгийн нэрийг дур мэдэн өөрчлөх явдлыг хориглох тухай”, 1961 онд “Комисс байгуулах тухай” тогтоолууд гарч, газар зүйн нэрийг тодотгон тогтоох, цуглуулах талаар орон нутгийн засаг захиргааны байгууллагуудад албан даалгавар өгч байсан юм.

    “Газар нутгийн нэрийг тодруулан тогтоож, журамлах зарим арга хэмжээний тухай” Сайд нарын Зөвлөлийн (хуучин нэрээр) 1980 оны 280 дугаар тогтоолоор “Улсын газар нутгийн нэрийн байнгын комисс”-ийг байгуулж, газар нутгийн нэрийг тодруулан тогтоох, газрын зурагт тэмдэглэх, цаашид газар зүйн нэрийг дур мэдэн өөрчлөх явдлыг зогсоох зорилгоор улсын бүх нутаг дэвсгэрийн хэмжээнд газар зүйн нэрийг тодруулан тогтоох ажлыг Улсын геодези, зураг зүйн газарт даалгаж байжээ.

    Тус тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 1980-1987 онд Улсын геодези, зураг зүйн газраас Монгол орны бүх нутаг дэвсгэрт газар зүйн нэрийн хээрийн судалгаа явуулан 242388 нэрийг тодотгон тогтоожээ.

    Геодези, зураг зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлээр газар зүйн нэрийн асуудлыг хуульчилсан бөгөөд 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасны дагуу тус газар нь Монгол орны 214805 газар зүйн нэрийн жагсаалтыг гаргаж УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлуулсан.

    УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолын 2 дугаар заалтаар газар зүйн нэрийн жагсаалтыг 4 жил тутам тодотгож, УИХ-аар батлуулж байхыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан боловч энэ ажил хэрэгжилгүй өдийг хүрсэн юм. Үүнтэй холбоотой Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.81.5. дахь заалтад тусгагдсан Газар зүйн нэрийн хээрийн тодруулалт улсын хэмжээнд хийхажлын хүрээнд Монгол орны бүх нутаг дэвсгэрт 1:25000-ны масштабтай байр зүйн зургийг газар зүйн нэрээр хангах, 350000 газар зүйн нэрийн хээрийн тодруулалт, шинэчлэлийг 2019-2020 онд хийхээр төлөвлөж 2017 онд ТЭЗҮ боловсруулан БХБЯ-аар батлуулсан.

    Хэдийгээр улсын хэмжээнд газар зүйн нэрийн хээрийн тодруулалт хийхээр Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.81.5 дахь хэсэг болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 8.2 дахь хэсэгт тусгагдсан боловч Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлд энэхүү ажил тусгагдаагүй байна.

Зураг 1. Уйгаржин-монгол бичиг бүхий “Монгол Ард улсын нутгийн засаг захиргааны зураг”-ийн /1934/ Хөвсгөл, Цэцэрлэг, Сэлэнгэ, Төв аймгийг хамарсан хэсэг

Зураг 2. “Карта Монголии” /1921-1924/ зургийн Түшээт Хан аймгийн хэсэг

    Мөн УИХ-ын дээр дурдсан тогтоолтой холбогдуулан Монгол Улсын ерөнхийлөгч 2017 онд нутаг орны газар зүйн нэрийг хамгаалах тухай 186 дугаар зарлигаар гаргаж бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон боловч хэрэгжилт хангалтгүй байна.

    Иймд Газар Зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь газар зүйн нэрийн талаар төрийн бодлогыг боловсруулах, урьд өмнө нь тодруулан тогтоосон газар зүйн нэрээ хайрлан хамгаалах, зөв Монгол нэрээр газар нутгаа нэрлэх, түүнийг хэвшүүлэх асуудлыг зохион байгуулах зорилгоор “Газар зүйн нэрийн Үндэсний зөвлөл”-ийг байгуулахаар ажиллаж байна. Мөн аймаг, нийслэлд газар зүйн нэрийн салбар зөвлөлийг байгуулж өөрийн орон нутагт харьяалагдах газар зүйн нэрийн асуудлыг хэлэлцэж, санал боловсруулах юм. Нэрийн зөвлөл нь газар зүйн нэрийн талаар баримтлах төрийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэг бүхий орон тооны бус зөвлөл байна.

    Монгол Улсын Засгийн Газрын тогтоолын төсөл, Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 98 дугаар захирамжаар байгуулагдсан Газрын шинэтгэлийн хороо-ны 2 дугаар хурлаар хэлэлцүүлэн дэмжсэн.

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР

 

Дээш буцах